МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь, гал голомт болсон эрчим хүчний дэд бүтцийг сүндэрлүүлэх их үйлсэд хүч хөдөлмөр, мэдлэг оюунаа зориулан  нэгэн жарны түүхийг хамтдаа бичилцсэн эрчим хүчний салбарынхан болон түүний дотроос Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан, хэрэглэгчиддээ хүрээлэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье.

БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны 1959 оны 532 дугаар тушаалаар Их хайрханы уурхайн зураг төсөл зохиох ажлыг хийж гүйцэтгэх 7 хүний бүрэлдэхүүнтэй  “Зураг төсөл групп”  байгуулагдсан нь тус хүрээлэнгийн үндэс болсон түүхтэй. Уг группыг 1969 онд “Уул уурхай, эрчим хүчний зураг төслийн хүрээлэн” болгон өргөжүүлэн уул уурхай, эрчим хүчний үйдвэрийн зураг төсөл, дизель цахилгаан станц, өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дулааны цахилгаан станцын төхөөрөмж, байгууламжийн өргөтгөл, их засвар, шинэчлэн сайжруулалтын зураг төсөв хийлгэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын мэдээлэл, сурталчилгаа, норм норматив, ТЭЗҮ, үйлдвэрүүдийн технологи, горим, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх санал зөвлөмж боловсруулах ажлыг эхлүүлсэн. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр хүрээлэнг 1972 оноос “Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт”, 1976 оноос “Түлш, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” болгон өргөжүүлж байжээ. Энэ үеэс л эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан Монголын эрчим хүчний газрын зураглал, төлөвлөлт хийдэг 300 гаруй ажилтантай Монгол Улсын техник, технологийн хамгийн том шинжлэх ухаан, зураг төслийн байгууллага болтлоо өргөжин хөгжүүлж байв.  Өнгөрсөн 60 жилийн хугацаанд бид Монгол Улсын цахилгаан дамжуулах шугам сүлжээний нийт зураг төслийн 70 гаруй хувийг бие даан гүйцэтгэж, “БНМАУ-ын Түлш, Эрчим хүчний аж үйлдвэрийг түрүүлүүлэн хөгжүүлэх зорилтот цогцолбор программ”, “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 1990 он хүртэлх хөгжил байршлын схем”, “Хөдөө аж ахуйн цахилгаан шугам сүлжээний хангамжийн схем” зэрэг томоохон бүтээлүүд туурвиж, 120 гаруй эрдэм шинжилгээний тайлан, заавар, зөвлөмж, норм, 40 гаруй ном, 4 шинэ бүтээл, 70 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлэн архив, мэдээллийн нэгдсэн сантай болсон байна.

  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтэс, Стандарт норм, нормативын хэлтэс, Зураг төслийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 4 хэлтэс,  41 ажилтантай.  Шинжлэх ухааны үндэслэлтэй эрчим хүчний эрдэм шинжилгээ, судалгааны ажил боловсруулах, Эрчим хүчний хэрэглээний таац боловсруулах, эрчим хүчний бодлого, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгоход шаардлагатай тооцоо судалгаа хийх, эрчим хүчний балансын судалгаа хийх, эрчим хүчний барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн талаар судалгаа хийх, эрчим хүчний хэмнэлтийн аудит хийх, салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, норм, нормативын баримт бичиг боловсруулах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

            Манай хүрээлэнгийн үйл ажиллагааны үндэс нь  “Монгол Улсын эрчим хүчний ирээдүйг зураглах” явдал юм. Үүнд:

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох шинжлэх ухааны үндсийг боловсруулах;
Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах;
Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх;
Эрчим хүчний байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийг хангах зэрэгт

тус тус чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн эрчим хүчний хөгжлийг хангах судалгаа явуулахад чиглэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд:

Нийлэмж ба ёс зүйтэй байх,
Ажилчдын эрх ашгийг хамгаалах, 
Ухамсартай сахилга баттай байх,
Техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэгт тулгуулан амжилтад хүрнэ гэж  тодорхойлж байна.

Цаг үе, улс орны эдийн засгийн эрчимтэй, мөн хүнд жилүүдэд байгууллагыг тасралтгүй урагшлуулахын төлөө ажиллаж ирсэн ахмад, дунд, одоо үеийн нийт ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ ахин дахин талархаж буйгаа илэрхийлж байна. Бадамласан галын дөл их түүдэг болдог лугаа адил эрчим хүчний гайхамшигт хүч чадлыг хэрэглэн Монгол Улсын өнцөг булан бүрд их бүтээн байгуулалт өрнөн, мандан бадарч хөгжихийн ерөөлийг тавья.

Монгол Улсын эрчим хүчний хөгжил, дэвшил, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх их ирээдүйн төлөө хамтдаа хичээл зүтгэл гарган ажиллацгаая.