“Эрчим хүчний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

Монгол улсын төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, төлөвлөлтөд үнэлгээ өгөх, түлш эрчим хүчний баланс гаргах, салбарын нэгдсэн статистик мэдээлэл гаргах, төрийн өмчит үйлдвэр, компаниудын санхүү, эдийн засгийн байдал, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны ажлуудыг нэгтгэн төрийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрчим хүчний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн 60 жилийн ойн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлага, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн удирдлага, академич нар, ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Л.А.Мелентьевийн нэрэмжит эрчим хүчний системийн хүрээлэнгийн төлөөллүүд, Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэн, Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Дулааны 3, 4-р цахилгаан станц, Тайшир-Гуулин усан цахилгаан станц, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хурлыг нээж Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дэд захирал Б.Пүрэвсүрэн болон ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Л.А.Мелентьевийн нэрэмжит  эрчим хүчний системийн хүрээлэнгийн бүс нутгийн эрчим хүчний бодлого, судалгаа хариуцсан дарга Санеев Борис Григорьевич нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ:

Эрчим хүчний  хөгжлийн стратеги, урт хугацааны бодлого, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах,  түүн дээр үндэслэгдсэн төлөвлөлт гарган тогтвортой мөрдөж ажиллах нь манай салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-г байгуулж:

Салбарын хөгжлийн стратеги төлөвлөлтийг орчин үеийн тооцооны программ хангамжуудын тусламжтайгаар тооцоолох, өгөгдлийн сан бүрдүүлэх, Улс орон, бүс нутаг, стратегийн ордуудыг түшиглэсэн уул уурхайн томоохон үйлдвэр, цогцолборыг эрчим хүчээр хангах судалгаа хийх, Эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөж шинэчлэх, шинээр барьж байгуулахад тэргүүний техник, технологийг судалж нэвтрүүлэх, Эрчим хүчний стандарт, техникийн зохицуулалтаар дамжуулан салбарын техникийн бодлогыг хэрэгжүүлэх, Тоноглол, тоног төхөөрөмжийн нэг маягийн зургийн цомог гаргах, эрчим хүчний байгууламжийн зураг төслийг олон улсын түвшинд хийж гүйцэтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх салбарын хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход шаардагдах судалгаа хийлгэхээр шийдвэрлэсэн.

 “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгагдсан эрчим хүчний эдийн засаг, үйлдвэрлэл, туршилт, тохируулгын судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэнг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус хүрээлэнгийн оюуны чадамжийг дээшлүүлэх, олон улсад ашиглагдаж байгаа судалгаа, тооцооны программ хангамжийг бүрэн нэвтрүүлсэн, олон улсын ижил үүрэг бүхий хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллах шаардлагатайг дурдаж, салбарын оюуны ундраа болсон тус хүрээлэнгийн хамт олонд болон хуралд оролцож буй нийт судлаачдад шинэ шийдэл,  шинэ бүтээл, шинэ амжилтыг хүсэн ерөөе гэж цохон тэмдэглэв.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд тус хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн түүхэн замнал, хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын хөгжлийн бодлого” сэдвээр Академич С.Батмөнх “Монгол улсын түлш эрчим хүчний нэгдсэн баланс” сэдвээр  тус тус  илтгэл тавин оролцлоо.

Мөн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын инженер техникийн ажилтан, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач багш, ахисан түвшний судлаачдаас ирүүлсэн 26-н эрдэм шинжилгээний бүтээлээс шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж 5-н бүтээлийг шагналт байранд шалгаруулж, уралдаант шалгаруулалтад ирүүлсэн. Нийт бүтээлүүдээр хурлын эмхэтгэл номыг хэвлүүлэн эрчим хүчний салбарт ажиллаж судалгаа шинжилгээний бүтээл туурвиж буй судлаачдын хүртээл болгов. 

“Эрчим хүчний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаас шагналт байрд шалгарсан бүтээлүүд:

“Эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгаа” /Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн/
“Дулааны шугам сүлжээний ил шугамын дулаан алдагдлын судалгаа” /Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн/
“Монгол улсын эдийн засгийн өсөлт ба эрчим хүчний хэрэглээний хоорондын шалтгаант хамаарал” /ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар/
“Хотын ухаалаг цахилгаан хангамжийн шийдэл” /ШУТИС-ЭХС/
“Хөлдөлтийн эсрэг DI-ICING систем” /Тайшир-Гуулин УЦС/