“Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, компанийн төлөөлөл, эрдэмтэн докторууд оролцлоо. Хуралд оролцогчид судалгааныхаа ажлын үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээл, оюуны ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүү  хурлыг нээж үг хэлэхдээ “Улс орны хөгжлийн төлөө эрдэм оюунаа зориулж явдаг эрдэмтэн докторууд болон зөвлөх мэргэшсэн инженерүүд та бүхний санал салбарт хамгаас үнэтэй. Хуралд нийт 62 илтгэл ирүүлснээс салбарын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй туурвиж, олон улсын жишигт нийцүүлэн судалгаа хийсэн бүтээлүүдийг хэлэлцүүллээ. Цаашид бид та бүхэнтэй судалгаа шинжилгээ, төлөвлөлт, зохицуулалт зэрэг бүх шатанд хамтран ажиллах болно” гэв.  

“Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монгол улсын зөвлөх инженер Д.Чимэддорж“Эрчим хүчний салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага”, Академич, доктор (Sc.D), профессор Д.Содномдорж “Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал”,  Академич, доктор (Sc.D), профессор С.Батмөнх “Монголын эрчим хүчний хөгжлийн стратегийн шинжлэх ухааны үндсийг боловсруулах асуудал”, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг нийт 10 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд Эрчим хүчний салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгах зүйл заалт бүхий илгээлт гаргаж, яам болон үйлдвэр компанийн удирдлага, эрдэмтэн, инженерүүдэд үүрэг чиглэл өглөө.